mn

Гаалийн тухай хуулиар зорчигч таны хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг. Хувийн хэрэглээний эд зүйл гэдэгт аяллын хугацаанд зорчигчийн хувийн хэрэглээнд шаардагдах эд зүйл, зорчигчийн хувийн хэрэглээний эм, хууль тогтоомжид заасан тоо хэмжээ үнийн дүнд багтаж байгаа гаалийн болон бусад татваргүйгээр нэвтрүүлэх эд зүйлс хамаардаг.

Зорчигчийн хувийн хэрэглээнд шаардагдах эд зүйлс: Зорчигчийн очих газар хүртэл хүрэлцэхүйц дахин боловсруулалт шаардагдахгүй хүнсний бүтээгдэхүүн, хувийн гоёл чимэглэлийн эдлэл /хувийн хэрэглээнээс илүүгүй/; гэрэл зургийн аппарат болон дүрс бичлэг, кино зургийн камер, тэдгээрийн тодорхой тоо хэмжээний хальс, хуурцаг болон бусад дагалдах хэрэгсэл; зөөврийн слайд болон кино прожектор, тэдгээрийн тодорхой тоо хэмжээний слайд болон хальс; дуран; зөөврийн хөгжмийн зэмсэг; зөөврийн тоглуулагч, бичлэгийн хальс, CD тоглуулагч, дуу хураагч хальс, бичлэг болон дискний хамт; зөөврийн радио хүлээн авагч; гар утас, эсвэл үүрэн телефон, зөөврийн телевизор; зөөврийн бичгийн машин; зөөврийн компьютер болон дагалдах хэрэгсэл, зөөврийн тооны машин; хүүхдийн тэрэг болон тэргэнцэр; хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэр; спортын хэрэглэл. Эдгээр бараа болон ахуйн бага оврын цахилгаан бараа тус бүр нэгээс илүүгүйг авч явахыг зөвшөөрдөг.

Архи, тамхи:

Зорчигч архи 1 литр, дарс 2 литр, пиво 3 литр, янжуур 200 ширхэг, сигар, навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүй хэмжээгээр авч явах боломжтой. Харин 18 насанд хүрээгүй зорчигч согтууруулах ундаа, тамхи нэвтрүүлэхийг зөвшөөрөхгүй.

Монгол Улсад буюу гадаадад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллаж байсан иргэд:

Хувийн эд хогшил, гэр ахуйн эдлэл тус бүр нэгээс дээшгүй. Нотариатын, эсхүл засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн баталгаажуулсан гэрчилгээнд заасан нэр төрөл, тоо хэмжээ бүхий өв залгамжлалын эд хөрөнгө /өв залгамжлалын эд юмс, үнэт эдлэлийг борлуулсан орлогоор худалдан авсан зүйлийг өв залгамжлалын эд хөрөнгөд тооцохгүй/.

Валют:

Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн биедээ авч яваа валютыг гаалийн байгууллагад мэдүүлсэн тоо хэмжээгээр улсын хилээр оруулж болно. Монгол Улсын иргэн чөлөөтэй хөрвөдөг гадаад валютыг гаальд мэдүүлсэн тоо хэмжээгээр, гадаадын иргэд, харъяалалгүй хүний валютыг гадаадаас оруулсан гаалийн мэдүүлэг, банкнаас худалдан авсан баримтыг үндэслэн улсын хилээр гаргана. Гүйлгээнээс хасагдсан мөнгөн тэмдэгтийг цуглуулгын журмаар тус бүрээс зохих нэгжээр нэг ширхэгийг улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрнө.

Эдгээр барааг зорчигч гаалийн болон бусад албан татваргүйгээр хилээр авч гарахыг зөвшөөрдөг байна.

Хувийн хэрэгцээнд зориулсан эм:Үүндямар нэг зөвшөөрөл шаардахгүй, их хэмжээний биш зорчигчийн хувийн хэрэгцээнд зориулсан эм багтах бөгөөд энд долоо хүртэл хоногийн яаралтай тусламжийн эм, чихрийн шижин, хорт хавдар, дархлалын олдмол хомсдолтой хүмүүсийн хэрэглэдэг эм хамаарна. Харин судсаар сэлбэх шингэн, антибиотек тариа, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм, цусны бэлдмэл сийвэн орлуулах эм, нийтлэг дархлаажуулалтын эм бэлдмэлийг хувийн хэрэглээний зориулалтаар нэвтрүүлэхийг хориглодог.

Зорчигчийн хувийн тээврийн хэрэгсэл:Зорчигч хувийн тээврийн хэрэгсэлтэйгээ гаалийн хилээр нэвтрэхийг зөвшөөрдөг. Зорчигчийн хувийн тээврийн хэрэгсэл гэдэгт зорчигчийн байнга оршин суугаа газарт улсын бүртгэлтэй хувийн тээврийн хэрэгслийг ойлгоно. Зорчигчийн байнга оршин суугаа газар гэдэг нь тухайн улсын иргэний, тухайн улсын харьяат иргэнтэй гэр бүл болсон бөгөөд 90 хоногоос дээш хугацаагаар амьдарч байгаа гадаадын иргэний оршин суугаа улсыг хэлдэг. Зорчигчийн хувийн тээврийн хэрэгслийг тухайн зорчигчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон хилийн чанадад байх зөвшөөрөгдсөн хугацаанд хилээр түр хугацаагаар нэвтрүүлж, бүртгэлээр хяналт тавидаг бөгөөд Хэрэв зорчигчийн хувийн тээврийн хэрэгсэл Монгол Улсад оруулснаас хойш тогтоосон хугацаанд буцаан гаргаагүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гаалийн болон бусад татвар ногдуулдаг.

Гаалийн мэдүүлэх бараа: Зорчигч гаалийн болон бусад татвар төлөх бараатай, биеэс тусдаа явуулсан ачаатай, гуравдагч этгээдэд дамжуулах бараатай, 5 000 000 төгрөг ба түүнээс дээш төгрөг, түүнтэй тэнцэх гадаад валют, чектэй тохиолдолд гаалийн мэдүүлэг бөглөнө. Тухайлбал зорчигч 5 сая төгрөг хүртлэх мөнгө вальютыг биедээ авч явахыг зөвшөөрдөг.

Зорчигч та хилээр оруулах гаргахыг хориглосон болон хязгаарласан барааг зайлшгүй мэдэж байх хэрэгтэй. Хориглосон болон хязгаарласан барааг зохих зөвшөөрөлгүй хил нэвтрүүлснээр та хуулийн хариуцлага хүлээнэ.

Хориглосон бараа:Мансууруулах бодис, тэдгээрийг хэрэглэх, үйлдвэрлэхэд зориулсан багаж хэрэгсэллийг оруулж гаргах, мансууруулах ургамал, судалгаа шинжилгээний зориулалтаас бусад этилийн спиртыг оруулах, Пиво ундааны хаягдал лаазнаас бусад хаягдал хар болон өнгөт төмөрлөг /ширэм, төмөр, ган, зэс, гууль, хөнгөн цагаан, тэдгээрийн хайлш/, цутгамал болон анхдагч бусад хэлбэртэй хар болон өнгөт төмөрлөг, зориулалтын дагуу ашиглагдахгүй байгаа хар болон өнгөт төмөрлөгөөр хийсэн сэлбэг, бүтээгдэхүүнийг гаргахыг хориглоно.

Эмчилгээний зориулалтаар хилээр оруулж ирэх мансууруулах бодис, ургамлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлолтоор хил нэвтрүүлдэг.

Хязгаарласан бараа: Ураны хүдэр ба түүний баяжмалыг гаргах, онцгой хортой химийн бодис, Зайлшгүй хяналтад байх эмчилгээ, урьдчилан сэргийлэх зориулалттай эд эрхтэн, донорын цус, буу, зэр зэвсэг, байлдааны хэрэгсэл, техник, тэдгээрийн эд анги, тоног хэрэглэл, тэсрэх бодисыг оруулж гаргах, Түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг түр гаргах, Ердийн түүх соёлын зүйл, амьтан, ургамал,эрдэс судлал, анатоми, археологи палеон-тологи, угсаатны зүй болон зоос судлалын чиглэлийн олдвор болон цуглуулга, Үржлийн мал, Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, ан амьтны холбогдолтой судалгааны ажлын сорьц, дээж Мал, амьтны үр хөврөл, бичил биетний өсгөвөрийг гаргах тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг зайлшгүй авах шаардлагатай. www.customs.gov.mn

Сэтгэгдэл үлдээх